Өчигдөр Дорнод аймаг болон Хэнтий аймаг-т гарсан хээрийн түймрийн дуудлагуудаар Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, ихэнх голомтыг амжилттай унтраалаа.
Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын “Бөөрийн булаг” гэх газарт 12:43 цагт гарсан түймрийг 37 алба хаагч, 7 автомашинтайгаар ажиллан 15:20 цагт цурамд оруулж, 20:00 цагт бүрэн унтраасан байна.
Харин Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Жаргалант” гэх газарт 11:07 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар нийт 80 хүн, 10 автомашинтайгаар ажиллаж, 14:40 цагт цурамд оруулан, 21:05 цагт бүрэн унтраажээ.
Мөн Хэрлэн сумын “Ар хүүш” гэх газарт өвөлжөөнөөс гал алдсаны улмаас 15:57 цагт түймэр гарч, алба хаагчид 18:53 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар үргэлжлүүлэн ажиллаж байна.
Эдгээр тохиолдлууд нь хаврын хуурайшилт ихтэй энэ үед иргэдийн болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан түймрийн эрсдэл өндөр байгааг дахин сануулж байна. Хээрийн нэг оч гал хэдхэн минутын дотор өргөн уудам нутгийг хамарсан гамшиг болон хувирч, байгаль орчин, мал аж ахуй, хүний амь нас, эд хөрөнгөд нөхөж баршгүй хохирол учруулдаг.
Иймд иргэд та бүхэн хаврын ойн, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг чанд мөрдөнө үү:
- Ил задгай гал түлэхгүй байх, асаасан тохиолдолд бүрэн унтраах
- Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
- Хуурай өвс, хог хаягдлыг шатаахгүй байх
- Салхитай үед гал гаргах, галтай ажил хийхээс татгалзах
- Аялал, зугаалгаар явахдаа галын аюулгүй байдлыг хангах
- Гал түймрийн шинж тэмдэг илэрвэл нэн даруй 101 дугаарт мэдэгдэх
Байгаль дэлхийгээ хамгаалах нь хүн бүрийн үүрэг. Та бидний хариуцлагатай үйлдэл түймрийн аюулаас урьдчилан сэргийлж чадна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!