Эдийн засаг эмх цэгцэд орж сэргэх, эргэлтийн цэгтээ ирсэн үү, үгүй юу
Монгол улсын гадаад валютын нөөц түүхэндээ анх удаа 7 тэрбум ам.долларт хүрч өссөн гэх нэг шинэ мэдээллийг Монгол банкнаас олон нийтэд зарласан билээ. Энэ өсөлт юунд ямар ашигтай, яг хэнд өгөөжөө өгөх вэ. Гол нь иргэдийн бодит амьдралд шууд нөлөө үзүүлэх үү. Бодож үзэх үү.
Валютын хамаарлаас үүдээд иргэдийн худалдан авах чадвар суларч, бараа бүтээгдэхүүний борлуулалт буурахаар компаниудын ашиг, орлого бас дагаад буурчихна. Компаниуд ажилчдын цалингаа нэмэх байтугай, хүнээ цомхотгоход хүрнэ. Ингээд ажилгүйдэл, ажилгүй хүмүүс мөнгөгүй гээд хаа хаанаа л харилцан хамааралтай тул нийтээрээ л ингэж эдийн засгийн хямралтай нүүр тулдаг.
Мөн өмнөх жил нь баталсан тендер, төсвийн зардал гэнэт өсөж, бүтээн байгуулалтын ажил гацах гэх мэт жижгээсээ том хүртэлх түмэн асуудал урган гардаг. Наад зах нь нэг тус бүрийг нь 50 мянган төгрөгөөр бодоод төсөвт суулгасан 5 сандлыг 250 мянган төгрөгөөр авах байтал ханш нь өсөөд 80 мянга болчихоор, 250 мянгаар биш 400 мянгаар авах болно. Зөрүү 150 мянга нь төсвийн алдагдал болж байгаа юм. Төсөвт суутгагдсан бүтээн байгуулалтын ажлуудад хүндрэл, гацалтанд ч ханшийн өсөлт нөлөө үзүүлсэн байдаг.
Ханш тогтвортой байхын тулд нөөц арвин байх ёстой. Өвсний нөөцтэй бол зуд болсон ч мал өл алдахгүй, онд орохтой төстэй юм утга нь уг нь.
Цаашлаад, валютын нөөц арвин байхаар хууль бус валют арилжаа, хулгайгаар алт экспортлох гэх мэт олон асуудал цэгцэрнэ. Ер нь л хулгайгүй, хууль бус арилжаагүй орны л эдийн засаг тогтвортой, иргэдийн амьдрал аятайхан байдагсан. Ерөөсөө л эдийн засгаа зөв удирдаж, мэргэжлийн авч явж, эдийн засгийн зөв урсгалыг бий болгосон улс л энэ дэлхий дээр сайхан амьдарч байгааг би ч харлаа, чи ч харлаа, бид бүгд харж байна. Товчхондоо бол эдийн засгийн реформ хийж чадсан эдийн засагч ерөнхий сайдтай улс орнууд хөгжсөн түүх их бий.
Тухайлбал, 1980-аад онд Австралийн ерөнхий сайд Au Bob Hawke эдийн засгийг нээлттэй зах зээлд шилжүүлж, валютын ханшийг чөлөөлөн, төр, бизнес эрхлэгч, хөдөлмөрчдийн зөвшилцөлд суурилсан реформ хийсэн. Үүнийг судлаачид Австралийн эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурийг тавьсан алхам гэж үздэг.
Малайзын ерөнхий сайд Mahathir Mohamad-ын 1980-1990-ээд онд хийсэн төр-хувийн хэвшлийн түншлэл, экспорт-аж үйлдвэржилт, дэд бүтцэд суурилсан реформын бодлого нь Зүүн Өмнөд Азийн “хөгжлийн загвар” гэж үнэлэгддэг.
Хятадын ерөнхий сайд Zhu Rongji 1998-2003 онд санхүү, банк, төрийн өмчит үйлдвэрийн реформыг хэрэгжүүлж, алдагдалтай бүтэц, хэт төвлөрсөн удирдлагыг багасгасан. Түүний бодлого Хятадын эдийн засгийг илүү зах зээлийн зарчимд ойртуулсан гэгддэг.
Их Британийн Ерөнхий сайд Margaret Thatcher 1979-1990 онд чөлөөт зах зээл, татварын шинэчлэлээр дамжуулан эдийн засгийг төр давамгайлсан загвараас зах зээлд суурилсан бүтэц рүү шилжүүлсэн.
Эдгээр удирдагчид улс төрийн эрсдэлийг даван туулж, зах зээлд суурилсан реформ, санхүүгийн сахилга бат, хувийн хэвшлийг дэмжих бодлого, оновчтой хуулийн шинэчлэлээр улс орныхоо эдийн засгийн чиг хандлагыг урт хугацаанд өөрчлөн шинэчилж чадсан олон улсын түүхэн сайн жишээ.
Валютын тогтвортой нөөцийг дээд түвшинд хүргэх чиглэлээр Ерөнхий сайд Г.Занданшатар 2016 оноос эхлэн тодорхой ажлуудыг хийж, энэ сэдвээр ном хүртэл бичиж байсан юм. Тэрээр төлөвлөсөн реформуудаа амжилттай хэрэгжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлж, улсын санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулсан гэж дүгнэж болохоор байна.
Мөн түүний Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх, иргэн ба бизнесийн дарамтыг бууруулах чиглэлээр татвар, гааль, нийгмийн даатгал, төсөв, хяналтын тогтолцооны хуулийн шинэчлэлүүдийг хийж буй. Энэ нь эдийн засаг, хуулийг эмх цэгцэнд оруулаад, цэглэх алхам.
Учир нь Татвар, Гааль, Нийгмийн даатгал зэргийг өөрчлөн шинэчлэх нэлээд бодлого төлөвлөгөө гарган, заримыг нь хэрэгжүүлээд, эхэлжээ. Тухайлбал, шинээр санаачилсан татварын шинэчлэлийн тухай хуульд иргэдийн сарын 500 000 хүртэлх худалдан авалтад НӨАТ-ыг 100%, 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад 50%, үүнээс дээш үнийн дүнд 20% буцаан олгоно. Улаанбаатараас орон нутагт шилжиж буй иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт эдлүүлнэ.
Аж ахуйн нэгжийн татварыг ч мөн бууруулж, ашгийн 6-10 тэрбум төгрөгийн татварыг 15% болгож, жижиг, дунд бизнесийн татварын босгыг нэмэгдүүлж, 3 жил хөнгөлөх зохицуулалт хийхийг тусгажээ. ЖДҮ-ийн борлуулалт 400 сая төгрөгөөс бага бол НӨАТ-ыг улирлаар төлөх, бэлэн бус худалдан авалтын НӨАТ-ыг хасах, үндсэн хөрөнгө, гадаад үйлчилгээний зардлыг хасах боломжтой гэсэн байна. Ингэж бизнесийн уян хатан байдлыг дэмжинэ гэв. Энэхүү шинэчлэлээр иргэн бүр хамгийн багадаа 1% татвар төлөх зохицуулалттай, бүх нийтээрээ шударга татвар төлөх системийг бүрдүүлэх зорилготой юм байна.
Мөн гаалийн үйл ажиллагааг цахимжуулж, импортын урсгалыг нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2-2.5% бууруулж, ахмад настан, залуу ажиллах хүч, ЖДҮ эрхлэгчдэд татварын 10-15% бууруулах уян хатан зохицуулалт нэвтрүүлжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуульд Санхүү эдийн засагч, 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн их сургуульд Маркетинг, бизнес судалгаа чиглэлээр төгссөн. Төсөв, татвар, гааль, хөдөө аж ахуй, валют, бизнесийн эдийн засгийн бодлого чиглэлээр мэргэшсэн хүн. Ямар бидэн шиг юм бишдээ, ясны эдийн засаг учир арга ч үгүй юм уу. Аятайхан улс орон болгочих нэг тийм найдлага төрүүлээд байна уу. Олон улсын түүхэнд эдийн засагч Ерөнхий сайдууд л реформ хийж чадсан шиг.
Нийтлэлч: Н.Ганаа
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!